Манай Монгол оронд дэлхий нийтийн жишгийг даган нийгмийн хуучин харилцаа шинэчлэгдэж ардчилсан шинэ нийгмийн тогтолцоо бүрэлдэж байсан анхны жилүүдэд миний бие Хэнтий аймгийн засаг дарагаар 1992-1996 онд ажиллаж байсан. Энэ үед Монголд ялангуяа орон нутгийн төрийн захиргааны удирдлагад ажиллахад олон бэрхшээл тулгарч байснаас гадна  шинэ үзэл бодол, санаачлагууд ч гарч ирж байсан юм.
Үүний нэг нь Монгол үндэстний цөөнх Буриад угсаатны уламжлал, зан заншил, соёлын өвийг сэргээх санаачлагыг Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн бодлогын хэлтсийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал гаргаж надад танилцуулан, бид ярилцан шийдэж анхны буриад дууны наадмыг их эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулсан явдал байлаа.
Түүнээс хойш энэ наадам 2 жил тутамд зохион байгуулагдахдаа Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, зарим аймаг, сумдын төвүүд болон ОХУ-ын Буриад улс, Эрхүү муж, Агын тойрогт нийт 14 дэхь удаагаа зохиогдож олон улсын хэмжээний соёлын томоохон арга хэмжээ болж байгаад анхны наадмыг зохион байгуулалцаж байсны хувьд сэтгэл таатай байна.
Буриад угсаатан дэлхийн олон оронд тархан суурьшиж байгаагийн олонхи нь ОХУ-ын Буриад улсад 460 гаруй мянга, Монгол оронд 45 мянга, БНХАУ-ын ӨМӨЗ Оронд 8 мянга гаруй иргэд аж төрж байгаа билээ. ХХ зууны эхэн хагаст үндэсний цөөнхид үе үе тохиолддог байсан бэрх цаг үед хүчирхийлэл, нүүдэл суудал, баривчилгаа, хэлмэгдэлд удаа дараа өртөж байсан буриад зон аж амьдралын хүнд бэрхийг эр зориг, хөдөлмөрч уламжлалаараа даван туулж ирсэн баатарлаг түүхтэй хүмүүс юм. Иймээс зовлон үзсэн ард түмэн эрх чөлөөтэй аж төрөх нөхцөл бүрдсэн ардчилсан нийгэмд буриад түмний соёлын уламжлалыг дэмжиж цаашид улам хөгжүүлэх нь олон талын ач холбогдолтой юм.
Олон Улсын “Алтаргана” наадмыг цаашид зохион байгуулах талаар зарим саналаа та бүхэнтэй хуваалцах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:
1. “Алтаргана” наадам нь буриад зоны уулзаж, хоорондоо улс аймгаараа зохион байгуулдаг соёл спортын тэмцээн хэлбэрт хэт хазайж болохгүй. Дэлхийд цөөхөн буриад зоны төлөөлөгчид уулзан золгодог, ёс заншлаа сэргээх, санал бодлоо хуваалцан үр удам хойч үедээ сайн сайхан уламжлуулах ажил зохиодог, ахан дүүсийн харилцаа холбоогоо бэхжүүлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй ажил зохиодог байх нь зүйтэй гэж энэ наадмыг санаачлагчийн нэгийн хувьд хэлэх байна.
2. “Алтаргана” наадам миний бодлоор жинхэнэ ардын наадам байх ёстой. Иймээс уг наадмыг томоохон хот суурин газарт зохион байгуулахаас илүүтэй аль болохоор район, дүүрэг, хошуу, сумын төвүүдэд зохион байгуулах нь ахмад настан , хойч үеийн хүүхэд багачуудад илүү хүртээмжтэй байх болно. Үүгээр наадмын утга агуулга алдагдах бус харин ч жинхэнэ ардын наадам байх болно.
Тухайлбал 1994 Дадал суманд анх зохиогдсоноос хойш 2014 онд  хоёр дахь удаа  зохиогдоход  гадаад дотоодын оролцогчид, зочид төлөөлөгчид наадамд туйлын сэтгэл хангалуун байсныг би санаж байна. Энэ наадамд  Монгол улсын ерөнхий сайд өөрийн биеэр оролцож байсан нь наадмын нэр хүндийг улам өндөрт өргөж байсан.
3. “Алтаргана” наадмыг 2 жил тутамд зохион байгуулахад                зарим бэрхшээл байгааг эргэн харж 3 жилд нэг удаа зохиож байх нь илүү тохиромжтой байж болох юм гэсэн миний хувийн санал байна.             
Нэгэнт олон улсын хэмжээний наадам болж, тэдний дунд өндөр нэр хүндийг хүлээж байгаа “Алтаргана” наадмын зохион байгуулалтын талаарх миний дээрхи саналыг оролцогч орнуудын төлөөлөгчид хамтран хэлэлцэж ”Санамж бичиг” хэлбэрээр шийдвэрлэж болох юм.
Буриад угсаатны 14 дэхь удаагийн  “Алтаргана” наадмын үйл ажиллагаанд  амжилт хүсч нийт буриад зон олондоо аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Монголын Буриадын Төв Холбооны Ерөнхийлөгч
Хуасай овгийн Ц.Балдандорж
2020-01-08

Отредактировано Цырендулма Цыбиковна (2020-01-14 10:32:13)